Мэдээлэл
"Боловсролын хишиг арвижих" тэтгэлэгт хөтөлбөр 2019 олгогдлоо БУЦАХ

Хишиг Арвин Групп нь энэ жилээс эхлэн ажилчдынхаа үр хүүхдүүдийн боловсролыг дэмжих оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Тус тэтгэлэгт шалгарч, их дээд сургуулийн сургалтын төлбөрөө 100% авсан залуучуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр залуучуудад хандаж дэд захирал М.Тулгатын хэлсэн үгнээс товчлон хүргэж байна:

“-Тус группээс зарласан ажилтан, хамт олныхоо хүүхдүүдийг дэмжих “Боловсролын Хишиг Арвижих” хөтөлбөрийн анхны тэтгэлэгт шалгарсан явдалд баяр хүргэе! Энэ хөтөлбөр цаашид жил бүр хэрэгжээд явна. Үүнд, хамгийн анхны залуус болох та нарын хичээл зүтгэл тун чухал. Араасаа олон дүү нараа дагуулах “булган сүүлтэй” оюутнууд байгаарай гэж хүсье. “

“-Манай компанийн алсын зорилго, мөрөөдөл бол байгууллага маань зуу, зуун жилээр үргэлжилж, эх орныхоо хөгжлийн түүхийг бичилцэх бүтээн байгуулагч байх явдал юм. Үүний тулд ажилчдын маань гэр бүл компаниараа бахархдаг, ойлгож мэддэг байх нь чухал. Бүр үе дамжсан Хишиг Арвинчууд гараасай ч гэж боддог. Та бүхний хувьд эмч, хуульч, архитекторч гэх мэт өөр, өөр мэргэжилтэй, сургуулиа төгсөөд өөр салбарт, өөр байгууллагад ажиллах байх. Харин Хишиг Арвин гэдэг компанид талархаж, бахархаж явдаг хүмүүсийн нэг болж, манай компанийн урианд байдаг “сайн бүхнийг арвижуулаад явах” хүмүүс болно гэдэгт эргэлзэхгүй байна. “

“-Бид тэр бүр зарлаад байдаггүй болохоос манай хамт олон 2013 оноос хойш Баруун цанхийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт монголчуудын эзэмшдэг 1072 хувьцаагий нь эзэмшдэг Эрдэнэс Таван Толгой ХК-ийг санхүүгийн маш хүнд байдлаас гарч, өнөөдрийн өндөр ашигтай, бааз суурь сайтай компани болоход нь томоохон үүрэг гүйцэтгэсэн. Бидэнд бахархах зүйл маш их бий. Наад зах нь ажлын туршлагагүй хэдэн мянган залуус манайд ажлын байран дээр суралцаж, мэргэжилтэй боловсон хүчин болсон. “

“-Еврэй хүн амьдралдаа хэн нэг өөр хүний амьдралд заавал томоохон тус хүргэдэг, гэхдээ эргэж тус нэхэхгүйгээр. Чи дараа хэзээ нэгэн цагт өөр хүнд тус болж үүнийг хариулаарай гэдэг гэсэн. Ингэснээр сайн үйлс гэдэг битүү хэлхээнд биш, цааш цаашдаа үргэлжлэн тэлэх тийм зүйл болж хувирч байгаа юм. Тэрэн шиг та хэд маань ч, цааш цаашдаа сайн үйлийг дэлгэрүүлэх хүмүүс байгаасай гэж хүсч байна.

Энэ удаагийн тэтгэлэгт Барилгын инженер Ч.Эрдэнэцогтын охин, АШУҮИХ-ын 3-р дамжааны оюутан, хүний их эмчийн мэргэжлээр суралцаж буй Э.Амарбаясгалан, Түлшний жолооч Д.Баасанжавын хүү, Отгонтэнгэр их сургуулийн 3-р дамжааны оюутан, эрхзүйч мэргэжлээр суралцаж буй Б.Эрхэмчухал, Харуул хамгаалалтын ахлах ажилтан С.Эрдэнэбатын хүү ШУТИС-ын 1-р дамжааны оюутан, архитектураар суралцаж буй Э.Тэмүүлэн нар шалгарсан юм. Тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Хүний нөөцийн алба

2019.09.11