Мэдээлэл
“Ажилсаг монгол залуу” цуврал ярилцлага БУЦАХ

“Ажилсаг монгол залуу” цуврал ярилцлага

Энэ удаад бид Хишиг Арвин Группын Баруун ноён уул төслийн менежер Б.Бямбацогттой ярилцлаа.

 

  1. Та хэр ажилсаг вэ?

Заа даа, ажилсаг гэвэл өөрийгөө магтсан хэрэг болчих байх (инээв). Гэхдээ би өөрийгөө ямарваа нэгэн ажилд тууштай, сэтгэлээсээ ханддаг гэж боддог. Одоогийн ажил маань намайг улам илүү ажилсаг, шаргуу байхыг шаардаж байна.

  1. Та сургуулиа төгсөөд анх засварын бичиг хэргийн ажилтнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Тэгвэл одоо бүхэл бүтэн төсөл хариуцаад явж байна. Яаж үүнд хүрэв?

Одоогоос 7 жилийн өмнө буюу 2013 оны намар анх компани дээрээ ирж ажлын ярилцлагад орж тэнцчихээд, шууд Эрдэнэс Таван Толгой дахь уурхайн төсөл рүү явж байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Энэ хугацаанд уурхайн засварын хэлтэст клеркээс эхлээд засварт төлөвлөлт, төлөвлөлтийн ахлах ажилтан мөн техникийн бүртгэл мэдээлэл, даатгалын ажилтан зэрэг албуудыг хашиж ирлээ.
Өнгөрсөн жил миний ч хувьд, компанийн ч хувьд онцлогтой жил байсан. Маш завгүй ажилласан (инээв). Учир нь манай компанийн хувьд томоохон авто замын төсөл, тэр тусмаа “Оюу толгой” ХХК-тай шууд гэрээ байгуулан Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35км авто замын асфальт бетон хучилтын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж, төслөө амжилттай дуусгаж хүлээлгэн өгсөн юм. Төслийн хугацаанд бидэнд байгаль цаг уурын, бизнесийн гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан бэрхшээлүүд тулгарч байсан ч, манай төслийн баг хамт олон тэр бүгдийг амжилттай даван туулж чадсан. Миний хувьд маш их юм сурсан. Одоо би төслийн удирдлагын чиглэлийг илүүтэй сонирхон судалж бас ажиллангаа үүнд суралцаж байна.Би аливаад тууштай байхыг эрмэлздэг. Энэ зарчим маань амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчрахад нөлөөлсөн болов уу.

  1. Та юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Өө янз янз дөө ихэнх тохиолдолд ажил дээр тулгардаг жижиг том гэлтгүй сорилтуудыг давж гарсны дараагаар өөрийгөө зоригжуулж урам өгдөг. Заримдаа ойрын хүрээлэл дотор амжилттай яваа найз нөхөд, ажлын хамт олноосоо эрч хүчтэй, идэвхтэй ажиллаж амьдрах сэдлийг авдаг.

  1. Таны ажлын байран дээр гарч байсан хамгийн хөгжилтэй дурсамж юу вэ?

Хэсэгхэн хугацаанд ч болов олон мундаг залуучуудтай хамтран ажилласан “Ханбогд-Оюу толгой” авто замын төсөл дээр тохиолдсон хөгжилтэй дурсамжууд санаанаас одоо ч гардаггүй юм.Нэрийг нь дурдаад яахав (инээв). Нэг өдөр би механикдаа материалын карьерын ойролцоо байгаа тэд дугаарын зөөврийн гэрэлтүүлэгч сумын төвийн засварын талбай руу нүүлгэн шилжүүлээрэй гээд даалгавар өгөв өө. Гэтэл хэд хоногийн дараа төсөл дээр хамтран ажиллаж байсан гүйцэтгэгч компанийн гэрэлт цамхаг алга болчихлоо гээд тэр хавиар нэг эрэл хайгуул, цагдаа сэргийлэх болчихсон их ажлын хажуугаар бужигнасан хэдэн өдөр өнгөрөв. Нэлээн хэд хоногийн дараа бид хэд тоног төхөөрөмжийн үзлэг хийж яваад манайд бүртгэлгүй гэрэлт цамхаг байхыг олж хараад юу болов яав гээд учир явдлыг хөөвөл тэр нэгэн өдөр манай хүн гэгээн цагаан өдөр айлын гэрэлт цамхгийг хээв нэг чирээд сумын төвд байрлах засварын хашаанд аваачаад тавьчихаж. Хэрэг явдлыг ойлгосон бид тэр даруй нөгөө компанид мэдэгдэж, мөрдлөгийг зогсоосон. Мань хүн цагдаагийн газар өөрийн биеэр очиж “ТОМ АНДУУРСАН” тухай мэдэгдэх хуудас бичиж, өнөө гэрэлт цамхгаа чирч явсаар хуучин байранд нь аваачиж хүлээлгэн өгснөөр хэрэг хаагдсан (инээв). Хөөрхий сумын цагдаагийн бие сэтгэлийг хэдэн өдөр л чилээх шиг болсон доо.

  1.  Компанийнхаа талаарх таны сэтгэгдэл, түүний салбартаа эзлэх байр суурийн тухайд?

Манай компанийн үнэт зүйлс дотор “Хөгжил” гэж байдаг бид үнэхээр тасралтгүй дэвшиж, байнга сайжирч чадсан уу гэвэл, би “Тийм” гэж нүүр бардам хариулна. Учир нь миний анх ажилд орж байх үеийн “Хишиг Арвин” өнөөдрийн “Хишиг Арвин” хоёрын хооронд асар их ялгаа харагддаг юм. Энэ хөгжил сар, жилээр биш өдөр хоногоор хэмжигдэж  байдаг тул компанийнхаа удирдлага болон баг хамт олноороо бахархах сэтгэл төрдөг. 
Манай компани 22 жилийн түүхтэй, өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж дэд бүтцийн болон уул уурхайн томоохон төслүүдэд амжилттай ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Монгол улсад гэрээт олборлолтын ажил үйлчилгээг нэвтрүүлэн, салбартаа тэргүүлэгч компани болж чадсан.

  1. Хишиг Арвин Группын ажиллаж буй төслүүдийн Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаарх таны бодол?

Яг одоогийн байдлаар манай групп Эрдэнэс Таван толгойн Баруун, Зүүн цанхи, Оюу толгойн далд уурхай, Саусгоби Сэндсийн Овоот толгой зэрэг томоохон уул уурхай, дэд бүтцийн 10 орчим төсөл дээр ажиллаж байна. Бүгдээрээ л хариуцлагатай, том төслүүд.
Энд би Оюу толгой төслийн талаар зориуд дурдмаар байна. Түүний нийгэм, эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийн тухай энд ярих нь илүүц байх. Өнгөрсөн жил Оюу толгойн автозамын төсөл дээр ажиллаж байх хугацаанд надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл гэвэл тэдний ажиллагсдынхаа “Аюулгүй ажиллагаа”-ны соёл, хандлагыг хэрхэн төлөвшүүлж, аюулгүй ажиллагааныхаа гүйцэтгэлийг үнэлэн, хянаж, сайжруулж байгаа байдал. Мөн 15,000 орчим залуусыг маш дэг журамтай, дүрмийн дагуу, төлөвлөж, эрсдлээ хянаж, ажилдаа эзэн болон ажиллаж сургаж байгаа тэр тогтолцоо. Монгол улсад байгууллагын соёл, аюулгүй үйлдвэрлэл, хувийн сахилга батыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, сайн жишиг нэвтрүүлж өгч байна гэж боддог. Ажил хөдөлмөрөөр дамжуулан хувь хүний соёл, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай залуусыг хэдэн мянгаар нь бэлтгэн гаргаж байгаа нь манай ирээдүйд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Манай компани ч тэр, би өөрөө ч тэр, аюулгүй ажиллагаа болон ажил явуулах арга барил, зохион байгуулалтын талаар их зүйлс суралцсан даа.

  1. Жаахан хүүхдээс асуудаг шиг асуулт асууя. Та өнөөдөр Ерөнхий сайд байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?

Хамгийн түрүүнд үү? Эрүүл мэнд, боловсролын салбарт л анхаарлаа хандуулах байсан. Бид хойч үедээ өндөр өндөр байшингууд биш, бус эрүүл саруул өсөж торнин амьдрах мөн сайн боловсрол эзэмшүүлэх боломжтой тийм л нийгмийг бий болгон үлдээх нь нэн тулгамдсан асуудал байгаа. Мөн залуучууд бидний хожмын ирээдүйн хувьд энэ уул уурхайн томоохон төслүүд онцлон хэлбэл Эрдэнэс Таван Толгой, Оюутолгой гэх мэт төслүүд хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын золиос бололгүй, улс төрөөс хамаарахгүйгээр тогтвортой ажиллаж байх нь чухал. Тиймээс магадгүй эдийн засгийн тогтвортой, өсөлттэй байдлыг хангах гэдэг утгаар бас энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах байсан болов уу.

  1. 5 жилийн дараа та өөрийгөө хаана харж байна вэ?

Одоогийн тухайд бол хувийн амьдрал болон ажлын хувьд дөнгөж нэг шат ахиж,  том сорилттой нүүр тулсан гэж харж байгаа. Ямар ч байсан хийж байгаа ажилдаа мэргэшиж, мэдлэг чадвараа дээшлүүлсэн байхын зэрэгцээ хувь хүн болон гэр бүлийнхээ төлөвлөсөн зорилтуудад хүрсэн байна.

"За баярлалаа, ажилд нь амжилт хүсье"