Мэдээлэл
Худалдааны зар
ХАНБОГД ОЮУ-ТОЛГОЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ БУЦАХ

     2018 оны 12-р сарын 21-ний өдөр Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35.1 км автозамыг улсад хүлээж авах ажлын хэсэг буюу комисс ажиллаж, комиссын гишүүдийн 100 хувийн саналаар байнгын ашиглалтад хүлээж авсан байна. 


  
   Өдрийн сайныг өнжин хүлээж, өчигдөр  буюу 24-ний өдрийн морин цагт автозамын хөдөлгөөнийг нээлээ.
  

   Ингээд, энэхүү төсөлд гар бие оролцсон, мөн төслийн багийнхныг дэмжиж хамтран ажилласан нийт ажилтан, албан хаагчиддаа чин сэтгэлийн баяр хүргэе!

    Төслийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш маш богино хугацаанд буюу хагас жилийн дотор бид автозамыг хугацаанд нь багтааж ашиглалтад оруулсан бөгөөд, цаг хугацаа давчуу, хүйтэнтэй уралдсан нөхцөлд, Захиалагч компанийн тавьдаг өндөр стандарт шаардлагыг ханган ажиллах амаргүй зорилтын ард та бүхэн маань гарч чадсан билээ. Ялангуяа өндөр ачаалалтай, хурдтай, өрнөлттэй явагдсан энэ төслийн хугацаанд аюулгүй ажиллагааны үзүүлэлт хэвийн байж, томоохон осол, гэмтэл гаргалгүйгээр гүйцэтгэж чадсан нь бидний хувьд багагүй амжилт юм. Манай компани Захиалагч Оюутолгой болон олон нийтийн өмнө өндөр үнэлгээ авч чадсан гэдэгт эргэлзэхгүй байна.



    Зам дагаж хөгжил гэдэг. Энэхүү замын бүтээн байгуулалт нь манай орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, нүдэнд харагдаж гарт баригдах буянтай ажил юм. Энэ их ажлын ард гарч, дараа дараагийнхаа зорилтыг амжилттай гүйцэтгэх урам зоригтойгоор баяраа хуваалцаж байгаа та бүхнийхээ цаашдынх нь ажилд амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе! Алтан шар зам өлзийтэй байх болтугай! 

 

ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.ХИШИГДОРЖ